Импортоор орж ирж буй барилгын материал руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д. Батзоригоос тодрууллаа.
Импортоор орж ирж байгаа барилгын материалын чанар асуудал дагуулдаг. Энэ тал дээр БХБЯ-аас ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Өнөөдрийн байдлаар барилгын материалын 63 орчим хувийг импортоор авч байгаа бөгөөд нийт барилгын материалын 99 орчим хувийг хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна. 2021 онд тус яамнаас МХЕГ-тай хамтарсан шалгалтын хүрээнд Барилгын арматур 1 тн тутамд 200кг дутуу буюу тонн жиндээ хүрэхгүй, чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдлыг тогтоосон. Бусад материалууд дээр ч гэсэн олон асуудлууд гарч ирж байна.
Монгол Улсын Шадар сайдын "Жагсаалт батлах тухай" 2014 оны 60 дугаар тушаалаар "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт"-ын бага эрсдэлтэй барааны жагсаалтад барилгын дийлэнх материалууд хамаараад байсан юм.
Манай яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажилласнаар зарим нэр төрлийн материалууд дунд эрсдэлтэй ангилалд хамаарч Хилээр нэвтэрч буй барилгын дотор заслын материал, лифт, кран, конвейер зэрэг өргөх байгууламжийн чанар стандартыг хангуулах Хяналтын хуудсыг хамтран боловсруулж МХЕГ-ын даргын 2021 оны А/95 тушаалаар батлагдаад байна.
Ингэснээр хилээр нэвтэрч буй барилгын зарим нэр төрлийн материалд биет үзлэг хийх, лабораторийн хяналт шалгалтад хамруулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Мөн цаашид үндсэн хийц бүтээцэд хэрэглэгдэх бусад барилгын материалуудыг хянах хяналтыг хуудсыг батлуулж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Чанар стандартын шаардлага хангуулж ажиллах эрх зүйн орчин бүрдлээ гэлээ. Хил дээр биет хяналт хийх боломж нөхцөл нь ямар байгаа вэ?Импортолж буй барилгын материалын чанар стандартыг хангуулах чиглэлээр Замын-Үүд хилийн боомтод барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар лабораторийн зураг төслийг боловсруулж, батлуулсан бөгөөд 2022 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү лаборатори нь Металл хийц эдлэхүүн, цонх хаалга, цемент, керамик материал, будаг, хуванцар, цахилгааны лаборатори болон химийн лабораториудаас бүрдэнэ.
Импортлогчид барилгын материалынхаа дээжийг тус лабораторид урьдчилсан байдлаар дээжийг өгч шинжлүүлэх бөгөөд тус шинжилгээний дүнг Мэргэжлийн хяналтын байгууллагад өгч биет үзлэг хийх, цаашлаад гаалийн бүрдүүлэлт хийх дамжлагаар хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Барилгын материалын дийлэнх хувь нь импортоор орж ирж байна. Импортлогч иргэд, аж ахуйн нэгжийн тоо бүртгэл бий юу?Барилгын материал импортлогч иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэлжүүлэх ажлыг Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар 821 иргэн, 4190 ААНБ барилгын материал импортолсон байна. 2021 оны 10 дугаар сарын байдлаар 671 иргэн, 3915 ААНБ-ууд барилгын материал импортоор оруулж ирж байна.
Эдгээр иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын оруулж ирж буй барилгын материал тоног төхөөрөмжийн чанар аюулгүй байдлыг хангуулах, импортлогчдыг бүртгэлжүүлэх, хариуцлагажуулах ажлыг тус цахим системийн хүрээнд Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Мөн Монгол Улсад барилгын материал импортлох тохирлын гэрчилгээ авсан 318 аж, ахуйн нэгж байна. Дээрх байгууллагуудаас бусад импортлогчид барилгын материалаа баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авах шаардлагатай. Барилгын салбарт тохирлын гэрчилгээ олгож буй “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Барилга архитектур корпораци” ХХК, “Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв” ТББ гэсэн гурван байгууллага байна. Эдгээр байгууллагуудад хандаж барилгын материал дээрээ тохирлын гэрчилгээ авах шаардлагатай.
Тохирлын гэрчилгээ авснаараа зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн чанартай найдвартай гэж ойлгож болох уу?Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлж байгаа юм. Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 1.4-д “Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” (цаашид “жагсаалт” гэх)-д заасан бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тохирлын баталгаанд заавал хамруулна.” гэж мөн журмын 3.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулсны дараа зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ.” гэж заасан байдаг.
Эх сурвалж:Barilga.mn
скачать dle 12.0