🔔🔔🔔Мөнгөн хонхны дуу жингэнэсэн эрдмийн их өргөө рүү сэтгэл догдлон алхалсан 9-р сарын 1-ний өдрийн мэнд хүргэе.

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн ОНЦЛОГ

Сурагчийн дүрэмтээр гоёсон багачууд энд тэндгүй холхиж, зуны турш эл хуль байсан их сургуулийн гудамж олны хөлд дарагджээ. Биесээ санасан бас багахан бишүүрэхсэн үе тэнгийнхэн нэг дор чуулж, сурагчид шуугилдах чимээ хаа сайгүй цангина. Цэцэг барьж, үрсээ хөтөлсөн ээж, аавууд сургууль, цэцэрлэгийн орчимд хөлхөх нь ч энэ өдрийн “тод өнгө, гол чимэг”. Ийнхүү зугаатай зун шувтарч, өрнүүн намар эхэлснийг гэрчлэн хичээлийн шинэ жил эхэллээ. Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилийн онцлог, зарим өөрчлөлтийн талаар хүргэж байна.  

Боловсролын хуулийг анх удаа багцаар нь өөрчилж, баталлаа

Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоодугаар сард баталлаа. Ийнхүү боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилд шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллахаар болж буй. 
Улмаар Боловсролын зорилго, зорилт хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэж, Монгол хүн бүрд сурч, боловсрох тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болно гэдгийг албаныхан хэлж буй. 
Түүнчлэн хуулийн хүрээнд хэд хэдэн өөрчлөлт бий болсон байна. Тухайлбал, энэ хичээлийн жилд дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн агуулгад нийцүүлж байгуулан ажиллуулахаар болжээ. 

Ингэснээр сайд их сургуулийн захирлыг томилдог зохицуулалт халагдсан аж. Мөн их сургуулиудын ангиллыг тодорхой болгож, их, дээд сургууль гэх ойлголтыг нэгтгэсэн байна. Улмаар их сургууль, коллеж гэх хоёр ангилал байхаар болжээ. 
Мөн онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож хуульд тусгасан байна. Ингэснээр ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжлэх бөгөөд хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилжээ. 

Энэ жилээс МСҮТ, коллежид гурван жил суралцдаг болно

Шинэ батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар хуучин "Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж" гэж байсан нь "Мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллеж" болж өөрчлөгдөж байгаа аж. Мөн ерөнхий эрдмийн агуулгад өөрчлөлт оржээ. Тиймээс өмнө нь 2.5 жилээр суралцаж төгсдөг байсныг энэ жилийн элсэлтээс эхлээд гурван жилийн сургалтын хугацаатай болж өөрчлөгдсөн байна. 
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад жил болгон дунджаар 20,000 хүүхэд элсдэг. Энэ жилийн хувьд 9 болон 12-р ангийн төгсөгчийн тоо нэмэгдсэн учраас элсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ. Жилд хоёр удаа буюу өвөл, намар элсэлт авдаг учраас одоогийн байдлаар 60 хувийн элсэлттэй байгаа юм байна. 

Өндөр голчтой, төгсөөд багшаар ажиллах оюутнуудын төлбөрийг төр даана

"Боловсролын шинэ сэргэлт" чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэдгийн мэдээлсэн. 
Энэ нь БШУЯ-наас хэрэжүүлж буй багш боловсролын шинэчлэл гэх гурван тулгуурт бодлогын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөж буй ажил аж. Гурван тулгуурт бодлого нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах , нийгмийн баталгаа, цалин хөлс, нэр хүнд үнэлэмжийн асуудал зэргийг багш зэргийг шийдвэрлэх зорилготой аж. 
Энэ хүрээнд, багшаар суралцах, элсэх суралцагчдын босго оноог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг БШУЯ-наас мэдээллээ. Тиймээс СӨБ-ын болон дуу хөгжмийн багшаас бусад мэргэжлийн багш нарын их сургуульд элсэх босго оноог 500-аас дээш байхаар тогтоож, тэтгэлэг олгох асуудал яригдах аж. Түүнчлэн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлсэн тохиолдолд, сургалтын голч онооноос хамаарч, тэтгэлэг үргэлжлүүлэх эсэх асуудал яригдана. Түүнчлэн их сургуулиа төгсөөд багшлах гэрээтэйгээр суралцана" гэв.  
Үүнээс гадна, аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг болон дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан байна. Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй хугацаанд ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна. Гэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцсан тохиолдол сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж. 

45-аас дээш хүүхэдтэй багш нар туслахтай ажиллана

Энэ хичээлийн жилд бага ангийн багш нар туслах багштай ажиллах юм байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад энэ жилээс эхлээд нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглож байгаа. Нэг ангид 50-60 хүүхэд суралцахаар сурлагын чанарын асуудал маш хүнд.  Гэхдээ 45-аас дээш хүүхэдтэй бүлгүүдэд багшийн туслах ажиллуулахаар санхүүжилтийг нь шийдсэн" гэсэн юм.
Сургууль, цэцэрлэгийн хүртэлцээнээс шалтгаалаад, энэ жилээс бага үнээр сургууль, цэцэрлэг барина гэж тендерт орчхоод тендерийг санаатайгаар будилуулдаг, хийнэ гэсэн ажлаа хийдэггүй компаниудыг хар жагсаалтад оруулахаар болсон байна. Энэ хүрээнд, одоогийн байдлаар нийт 47 компани хар жагсаалтад орсон байна. Хар жагсаалтад орсон компаниуд цаашид улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, тендерт оролцох боломжгүй болох юм. 

Автомашины улсын дугаарын хязгаарлалттай ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхтэй зэрэг автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж,түгжрэл түмний толгойны өвчин болдог. Тэгвэл хичээл, сургууль жигдэртэл дээрх асуудлыг шийдвэрлэх арга сийлсэн нь, замын хөдөлгөөнд оролцох автомашинд хязгаарлалт тогтоох явдал байв. Улмаар , наймдугаар сарын 26-наас хойш 20 хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. 
Иргэдийн хувьд, автомашиныг улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оруулцахыг эсэргүүцсэн байр суурьтай байв. Учир нь такси үйлчилгээнд явдаг болон ажил, гэр нь хол зайтай иргэд эдгээр өдрүүдэд багагүй хүндрэлтэй тулгарсан. Түүнчлэн автомашиныг дугаарыг хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлснээр, нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдсэн. Гэвч эдгээр өдрүүдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсангүйд нь иргэд ундууцаж байгаа юм.
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд нийт 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулан ажиллаж буй. Ийнхүү автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан гэх тооцооллыг алба хаагчид гаргалаа. Тэдний хувьд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах нь учир дутагдалтай шийдвэр ч одоогоор үүнээс өөр оновчтой, богино хугацааны шийдвэр байсангүй гэх тайлбар хэлж буй. 


Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр  бага сургууль ашиглалтад ороод буй. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эдгээр автобусуудын 50 орчим нь улсын сургуулийнх аж.
Түүнчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр болжээ. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтнууд ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд 116337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Харин ЕБ-ын 307 сургуульд 384676 хүүхэд суралцаж, 23372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогийн байдлаар нэгдүгээр ангид 38356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргажээ. 

Эх сурвалж: http://www.eagle.mn/скачать dle 12.0

Борлуулалт, маркетингийн газар

+976 777-111-00
+976 8021-1100
+976 8880-0201
+976 8011-1510


Цагийн хуваарь:

Даваа - Баасан
09:00 - 18:00