“Монголд анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэнэ”

 Дэлхийн улс орнуудад усан хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэх асуудал нэн чухалд тооцогддог. Энэ хүрээний хөтөлбөр Монгол Улсад ч мөн дутагдаж байсан бөгөөд  байгаль, экологийн тэнцвэрт байдал, усны зохистой ашиглалтын талаар мэдлэг ойлголт, практик туршлага бага байв. Тэгвэл 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Усны Компакт гэрээ”-ний тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн бүтээн байгуулалт Улаанбаатарт хэрэгжиж буй юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоногт 50 мянган шоо метр, жилд 18.3 сая шоо метр гүний цэвэр усыг хэмнэх боломжтой үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр /2022.08.25/ боллоо.

Нийслэлийн ус хангамжийг урт хугацаанд тогтвортой нэмэх зорилготой уг төслөөр баригдах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно.

Ингэснээр дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах боломж бүрдэх аж.

КОМПАКТ ГЭРЭЭ НЬ ЗӨВХӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ХЭМЖИГДЭХГҮЙ

 Хаягдал усыг дахин боловсруулах талаар олон улстай харьцуулахад Монгол Улс бага туршлагатай. Тиймээс усны салбарт хэрэгжүүлэх Компакт гэрээ нь олон давуу талтай бүтээн байгуулалтыг бий болгох аж. Тухайлбал, Мянганы сорилтын корпораци /МСК/ нийслэлийн газрын доорх усны нөөц, эрэлтийн судалгааг хийсэн байна. Үүний дараагаар Улаанбаатар хотын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний усны эрэлтийг хангах зорилготой төсөл хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөрөнгө оруулалтын тухайд Монгол Улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын санхүүжилт бүхий компакт гэрээ юм.

 Хаягдал ус дахин боловсруулах төсөл нь MNS 4943:2015 стандартыг хангасан усыг Төв цэвэрлэх байгууламжаас авч, цэвэршүүлж Дулааны III, IV цахилгаан станцад өгөх үйлдвэр барина. Ингэхдээ ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав болон насосны өргөх станц зэргийг барьж байгуулах төлөвлөгөөтэй. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл нь нийт иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, усны үйлчилгээний бодит өртгийг шингээсэн үнэ тарифыг боловсруулах юм. Мөн гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлыг хийх аж. Тэгэхлээр Компакт гэрээний хүрээнд зөвхөн үйлдвэрийн барилга баригдахгүй бөгөөд олон нийтэд усны үнэ цэн, мэдлэг ойлголтыг ч тодорхой хэмжээнд түгээх онцлогтой байна.

www.news.mn сайтаасскачать dle 12.0

Борлуулалт, маркетингийн газар

+976 777-111-00
+976 8021-1100
+976 8880-0201
+976 8011-1510


Цагийн хуваарь:

Даваа - Баасан
09:00 - 18:00